Виктория Секрет брэндийн толгой компани L Brands -ын мэдээлснээр энэ жилийн загварын шоугаа цуцалсан байна. Учир нь өнгөрсөн жил шоуны үнэлгээ эрс буурсан тул ийнхүү маркетингийн арга хэмжээ авч байгаа гэнэ. 

Өнгөрсөн жил ABC телевизээр дамжуулсан шоуг Америк даяар 3.3 сая хүн үзсэн ба энэ нь анх 2001 онд дамжуулж байснаас 8.7 сая хүнээр багассан үзүүлэлт юм. Түүнчлэн Виктория Секретийн борлуулалт буурч өрсөлдөгч брэндүүд болох Target, Kohl's, American Eagle болон бусад гарааны бизнесүүдэд хэрэглэгчдээ алдсан байна. 

Виктория Секрет шоу сүүлийн жилүүдэд хэд хэдэн асуудалд орооцолдсон ба хэвлэлүүд шоуг хүйсээр ялгаварлан гадуурхдаг гэж шүүмжилсэн юм. Тухайлбал өнгөрсөн онд L Brands компаний маркетингийн дарга Эд Разек Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шоунд трансжендер моделиудыг оролцуулах ёсгүй гэсэн байна. 

Үүнээс болж тэрээр олны шүүмжлэлд өртөж улмаар өөрийн хүсэлтээр огцорсон юм. Мөн L Brands компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Лесли Векснерийн хувийн менежер асан Жеффри Эпстейний асуудал Виктория Секретийн борлуулалтад нөлөөлсөн байна. Учир нь Жеффри Эпстейн бага насны охидыг хүчирхийлж, худалдсан хэргээр хоригдож байхдаа амиа алдсан юм. 

Эх сурвалж: CNN, The guardian