Вьетнамын Ханой хот дахь Хойд Солонгосын ресторан өндөр технологийн программ бичдэг программистуудын халхавч байж магадгүй гэж Америкийн ажиглагчид үзэж байна. Уг ресторан нь Future Tech Group гэх программ хангамжийн компанитай холбоотой бөгөөд тус компани Хойд Солонгосоос хууль бус зэвсэг импортолдог Малайзын Глоком компанитай хамтран ажилладаг гэнэ.

Future Tech Group нь царай таних, дизайн тооцоолох зэрэг программ хийдэг байна. Үүнээс гадна Азийн улсуудад байдаг бусад Хойд Солонгос ресторанууд ч мөн Засгийн газрынхаа мөнгөний машин болж магадгүй гэнэ.

НҮБ-ын 2017 онд Хойд Солонгост эдийн засгийн хориг тавьснаар гадагшаа зэвсэг экспортлох боломжгүй болсон юм. Гэвч хилийн чанд дахь программистууд нь нүүр царай таних програм хийж заран Засгийн газраа мөнгөөр хангадаг байж магадгүй гэнэ. Учир нь цагдаа нар ихэвчлэн үйлдвэр зэрэг газарт шалгалт хийдэг бөгөөд онлайн программ хангамжийн худалдааг төдийлөн анхаардаггүй байна.

Америкийн судлаач Жасон Атрербурны хэлснээр Хойд Солонгосын гадаад дахь программистууд жил бүр олон зуун мянган долларыг Засгийн газартаа олж өгдөг ба мэргэжлийн хакеруудын гар хөл болдог байх магадлалтай юм аж.

Хойд Солонгосын ресторанууд Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудад ихээхэн алдартай бөгөөд Хойд Солонгосын иргэдтэй харилцах боломж олгодог учир жуулчид олноор үйлчлүүлдэг байна. Түүнчлэн Хойд Солонгосын дүрвэгчдийн хэлснээр рестораны зөөгчид ихэнх нь урлагийн авьяас, царай зүсээрээ шалгарсан эх орондоо үнэнч эмэгтэйчүүд байдаг гэнэ.

Мөн Хойд Солонгосын Засгийн газар хилийн чанд дахь ажилчдынхаа эрх чөлөөг хязгаарлаж цалингийнх нь ихэнхийг цөмийн хөтөлбөрөө сайжруулахад ашигладаг гэх шүүмжлэлд өртдөг юм. Гэвч гадаадад ажиллаж буй Хойд Солонгосын иргэд эх орондоо байгаагаас илүү таатай нөхцөлд ажиллаж амьдарч илүү их мөнгө олдог байна.

Эх сурвалж: CNN, National times