Төлөөлөгчид Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16-р хуралдаанаар тохиролцсон Вьетнамд экспортлох гүн хөлдөөсөн хонь, ямаа, адуу болон үхрийн махны талаар яриа, хэлэлцээ хийсэн байна.

Мөн Вьетнамын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг манай улсад ойрын хугацаанд ирж ажиллахаар болжээ. Үүнээс гадна СП групп, Кофидек зэрэг Япон, Европ, Америкийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Вьетнамаас олон улсын стандартын шаардлага хангасан эрүүл, аюулгүй тахиа, далайн бүтээгдэхүүнийг импортлохоор боллоо.

Харин Лаост ажиллах үеэр хоёр улсын Мал эмнэлгийн ерөнхий газар хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.

Хэлэлцээрийн хүрээнд манай улсаас Лаост нийлүүлэх гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлгийн хорио цээрийн асуудлаар тохиролцож, Лаос руу мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхээр болжээ.

Мөн энэ үеэр манай улсаас хүмүүнлэгийн тусламжаар олгосон 1050 хонин сүрэг байршиж байгаа аж ахуйгаар зочилсон байна. Одоогийн байдлаар 80 орчим төл мал хүлээн авсан гэнэ.

Сануулбал, Лаос улстай эрүүл мэнд, анагаах ухааны салбарт 2018-2020 онд хамтран ажиллахаар болсон юм. Ингэснээр анагаахын чиглэлээр оюутан солилцон сургах, эмч мэргэжилтнүүд туршлага солилцох боломж бүрдсэн байна.