Вьетнамын Хо Чи Мин хотын цагдаа нар Япон жуулчдаас хулгай хийсэн хэргээр Монголын зургаан иргэнийг баривчилжээ. Сэжигтнүүд нь 20 настай Д.Амарболд, 34 настай Л.Оргилсүрэн, 22 настай Г.Хосбаяр, 32 настай А.Шинэхүү, 30 настай С.Мөнхцэцэг, 29 настай Ц.Чимгээ нар юм. 

Тэдний дөрөв нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй бөгөөд 15 жил хүртэл хорих ялаар шийтгүүлж магадгүй байна. Вьетнамын хуулийн дагуу хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээ 87 доллараас илүү гарсан тохиолдолд хүнд гэмт хэрэг гэж үздэг юм.

Цагдаа нар өнгөрсөн Ням гарагт Д.Амарболдыг 44 настай Япон эрийн цүнхийг ухаж iPhone утсыг нь хулгайлахад Л.Оргилсүрэн, Г.Хосбаяр, А.Шинэхүү нар хараад зогсож байхад нь үйлдэл дээр нь барьсан байна. 

Харин өнгөрсөн Мягмар гарагт 49 настай Япон эр Тусгаар тогтнолын ордонд түрүүвчээ алдсан гэх дуудлагаар хяналтыг камер шалгатал С.Мөнхцэцэг, Ц.Чимгээ нар хэрэг үйлдсэн нь тодорхой болжээ. Улмаар тэднийг саатуулахад С.Мөнхцэцэгээс 404 доллар, Ц.Чимгээгээс 130 долларын бэлэн мөнгө олдсон байна. 

Энэ оны эхний есөн сарын байдлаар Хо Чи Мин хот өнгөрсөн оныхоор 14 хувиар илүү буюу 6.2 сая жуулчин хүлээж авсан юм. Гэвч хулгай, дээрмийн хэргүүд хотын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэж цагдаагийн газраас мэдээлжээ. 

Эх сурвалж: VN express