Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор барих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан юм.

Энэхүү ажлын хэсэг театр болон музейн байгууламж барих боломжит байршлуудад очиж газар судаллаа. Улмаар Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн дөрвөн га талбай бүхий газарт Үндэсний их театр барих боломжтой гэж үзлээ. Уг асуудлыг Засгийн газарт танилцуулснаар эцсийн шийдвэр гарах юм.

Мөн Дүнжингарав худалдааны төвөөс зүүн зүгт байрлах газар болон Яармагийн урд хэсэг газарт музей барих боломжтой эсэхийг судлах үүднээс газар дээр нь очиж танилцсан байна.

Энэхүү музей нь орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий шинэлэг интерьер шийдэлтэй байх юм.