Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутатууд, Улсын бага хурлын гишүүд зэрэг хүмүүс Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

Ойн өдрийн хүрээнд Үндсэн хууль ба эрх зүйн шинэчлэл сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болсон юм. Мөн Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болжээ. 

Одоогийн Үндсэн хууль анх 1992 онд батлагдсан ба манай улсын дөрөвдүгээр Үндсэн хууль юм. Үүнээс хойш нэг удаа буюу 2000 онд Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Мөн өнгөрсөн 11-р сарын 14-нд Үндсэн хуулийн 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. 

Энэхүү өөрчлөлтөөр 2000 оны оруулсан долоон өөрчлөлтийг засаж, байгалийн баялаг, шүүхийн хараат бус байдлыг хангах өөрчлөлтийг тусгасан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгджээ.