УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор ард нийтийн санал асуулгыг орон даяар явуулахаар боллоо. 

Ийнхүү ард нийтийн санал асуулгын зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон байна. Одоогоор Ард нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 30, 31-нд, гадаадад амьдарч буй иргэдийн саналыг 19, 20-нд авахаар тогтсон юм. 

Мөн санал асуулгын зардлыг нарийн тогтоогүй ч 29 тэрбум төгрөг шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гараад байна. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооноос 14.5 тэрбум төгрөгийн санал оруулсан ба үүн дээр цагдаа, Улсын бүртгэлийн ерөнхий газар, бүх шатны захиргааны байгууллагын зардлыг оруулан 29 тэрбум төгрөг болсон юм.

Гэвч гишүүдийн зарим нь ард нийтийн санал асуулгын төсөв хэт өндөр байна гэж үзэж байна. Уг асуудлыг МАН-ын бүлгээр хэлэлцэж, 29 тэрбум төгрөгийг 17 тэрбум төгрөг болгох боломжтой гэж үзжээ. 

Мөн ард нийтийн санал асуулгаар Монгол улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдгийг асууж шийдвэрлэх саналыг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан юм. Гэхдээ уг асуудал одоогоор шийдэгдээгүй байна. 

Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нь 24 зүйл, 53 заалтад өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, УИХ, Засгийн газрын бүрэн эрхтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын бүрэн эрхийг мөн таван жил болгох заалт тусгагдсан байна. 

Мөн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэжээ. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөх юм.