Бид тоймлоё, Та унш

2019.05.10 Баасан                                            Related image 7°C   2,642.76  Өнгө зүс сайжирна

Чухлыг тоймлоё


Цахилгаан машин үнэгүй цэнэглэх зогсоолтой боллоо

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нарны зайн дээвэр бүхий цахилгаан машин цэнэглэх зогсоолыг ашиглалтад орууллаа. Энэхүү зогсоолоор цахилгаан машинтай хүн бүр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм.

Хэр удаан цэнэглэх вэ?

3-4 цаг. Манай улсад 2017 оны байдлаар цахилгаан тэжээлт 74 машин байгаа ба Сэргээгдэх эрчим хүчний төв цахилгаан машин хэрэглэдэг болсноор хагас жилд 600 литр шатахуун буюу ₮1.2 саяын зардал хэмнэжээ.

Цахилгаан машины давуу ба сул тал

Мэдээж байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй. Мэргэжилтнүүд 2040 онд дэлхийн бүх машины 54% нь цахилгаан машин болно гэж таамагласан байна. Гэвч цахилгаан машины хэрэглээ өссөнөөр цахилгааны эх үүсвэр нэмэгдэхээс гадна бүрэн цэнэгээрээ 160-320 км явах чадвартай юм. Харин энгийн машин шатахуунаа дуустал хамгийн багадаа 480 км туулдаг байна.


Б.Хурцыг үргэлжлүүлэн хорилоо

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих хугацааг 15 хоногоор сунгалаа. Тэрээр ТЕГ-ын дарга байхдаа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг тулгасан, Д.Энхбатыг 3 улсын хил дамнуулан хулгайлж, амь насыг хохироосон хэргээр шалгагдаж байгаа юм. Мөн Эрдэнэтийн 51%-г барьцаалсан Ш.Батхүүтэй холбоотойгоор шалгагдаж байгаа гэх албан бус мэдээлэл байна.


Ерөнхий аудиторыг томиллоо

УИХ-ын чуулганаар Ерөнхий аудиторын томилгоог хэлэлцэж, Д.Занданбатыг 87.3%-н саналаар томиллоо. Дүүргийн татварын байцаагчаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр Татварын ерөнхий газар болон ЗТХЯ-нд дарга хийж байсан туршлагатай байна. Өмнөх ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ЖДҮ-н зээлтэй холбоотойгоор 11-р сард ажлаасаа чөлөөлөгдсөн юм.


Ираны металлд Америк хориг тавилаа

Тус улсын төмөр, зэс, хөнгөн цагаан, ган зэргийн экспортод Америк хориг тавилаа. Мөн тус улсад тавьсан эдийн засгийн хоригоо чангатгах ба Ирантай худалдаа хийхээ зогсоохыг Европын орнуудад уриалсан байна. Америк 2017 онд Ираны цөмийн гэрээнээс гарснаас хойш тус улсын газрын тосны экспорт, армид хориг тавьсан юм.


Мадуро сөрөг хүчнийхнээ ангуучилж эхэллээ

Венесуэлийн дээд шүүх сөрөг хүчний парламентын дэд ерөнхийлөгч Эдгар Замбраногийн халдашгүй байдлыг цуцалж баривчиллаа. Венесуэлийн ЗГ ерөнхийлөгч Мадурог огцруулах жагсаалд оролцсон сөрөг хүчний 10 гаруй хүнийг баривчилна гэж мэдэгдсэн ба Замбрано тэдний 1 байсан юм. Америк уг үйл явдлыг шүүмжилж Замбраног яаралтай суллахыг шаардсан байна. Венесуэлийн ЗГ 1 сараас хойш сөрөг хүчний 5 хүнийг баривчилсан ба тэдний зарим нь дүрвэжээ.

Таны сонорт


Image result for snow storm icon Даваа гарагт баруун аймгийн зарим газраар цасан шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр