Үнэртэн нь тайвшруулж, эрч хүчийг нэмэгдүүлж, уйтгар гунигийг анагаах шидтэй гэвэл та итгэх үү? Тэгвэл үнэртнүүдийн мэргэжилтнүүдийн зөвлөж буй ямар үнэртэн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг хүргэе. 

Гунигласан үед

Ванил эсвэл сарнай нь сэтгэл сэргээж, тайвшруулах нөлөө үзүүлдэг. Мөн худалдан авалт хийх сонирхлыг өдөөдөг болохыг судалгаагаар тогтоосон байна. Монголын үнэртэн бүтээгчдийн нэг, үнэрээр анагаах ухаанаар мэргэшсэн А.Дэжидмаагийн зөвлөснөөр Нероли цэцэг нь хүний сэтгэлийн шархыг эдгээдэг гэнэ. Харин өөрийгөө хөндлөнгийн нүдээр харахыг хүсвэл Полын-г (sagebrush) үнэрлэхийг зөвлөжээ. 

Анхаарлаа төвлөрүүлэхэд 

Хар чинжүү эсвэл нимбэг зэрэг нь ажиллах чадвар, сэтгэх чадвар ба бүтээмжийг нэмэгдүүлнэ. Магадгүй таны анхаарал төвлөрөл суларч, сэтгэн бодох чадвараа алдаад байвал хар эсвэл улаан чинжүүний цитруст үнэрийг хамарлаад үзээрэй. 

Тайвшрахад 

Сэлүүхэн орон зайд байгаа мэт уур амьсгал бүрдүүлэхийн тулд зуун наст, жүрж эсвэл өргөст хэмхтэй сэргэг бөгөөд цитруст үнэртнийг сонгоорой. Харин моддын, дорнын, ааглаг зохиомжууд нь сэргээх тустай.

Дотно мэдрэмж төрүүлэхэд 

Дур булаам чанараа нэмэгдүүлэхэд афродизиак үнэртнүүд тусалдаг гэнэ.  Тодруулбал, иланг-иланг, зандан мод, мэлрэг, цагаан гаа, бергамот.

Өөртөө итгэх итгэл 

Эрт үеэс зандан модны үнэрийг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэж ирсэн байна. Иймд багахан итгэл нэмэх хүсэлтэй байгаа бол зандан модны үнэрийг үнэрлээрэй.