Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тангарагаа өргөлөө. Тэрээр энэ үеэр ирэх 10 сарын 27-нд болох парламентын сонгуульд намаа ялуулахын тулд парламентаа огцруулж байгаагаа мэдэгджээ.

Энэ талаар тэрээр сайд нарт хандаж, “Та нар цаас, балаа аваад дараагийн сонгуулиас өмнө ирээдүйнхээ төлөө гэх сэтгэлтэй хүмүүст зай тавьж өгөх хэрэгтэй” гэсэн байна. Зеленскийг үг хэлсний дараа Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайд болон Үндэсний аюулгүй байдлын дарга нар огцрох өргөдлөө өгчээ.

Мөн Зеленский Донбасс муж дахь Оросын талыг баримтлагч тусгаарлагчдын маргааныг зогсоох ажилд анхаарлаа хандуулах ба авлигатай тэмцэх гэнэ. Украины Кримийн хойгийг 2014 онд Орос өөртөө нэгтгэсний дараа Донбасс мужийн салан тусгаарлагчид Украины цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарсан бөгөөд үүнээс хойш 13 мянга гаруй хүн амь үрэгдээд байна.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Зеленскийд баяр хүргэхгүй ч Донбасс мужийн маргааныг шийдэн Орос, Украины харилцааг сайжруулахыг хүлээж байна гэжээ. Харин Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Зеленскийг 2015 оны Минскийн энх тайвны гэрээг хэрэгжүүлж бүх ялтнаа харилцан солилцохыг санал болгосон байна.

Оросын телевизийн мэдээлснээр Зеленскийгийн тангараг өргөх ёслолд Оросын төлөөлөгчид уригдаагүй юм. Судлаачдын үзэж буйгаар Зеленский авлигын эсрэг авах арга хэмжээгээ ерөнхий прокурорыг солихоос эхлэх гэнэ.

Үүний дараа авлигатай тэмцэх үндэсний агентлагийн дахин сэргээх юм. Гэхдээ өмнөх ерөнхийлөгч Петер Порошенкогийн үед мөнгө угаасан хэрэгт холбогдож Израйль руу зугтсан олигархи Игор Коломойский Зеленскийгийн авлигатай тэмцэх хөдөлгөөнд саад хийх магадлалтай байна.

Учир нь тэд холбоотнууд бөгөөд Коломойский тангараг өргөх ёслолоос хэдхэн хоногийн өмнө нутагтаа иржээ. Хэрэв Зеленский Коломойскийг эргээд PrivatBank-ны дарга болоход нь тусалвал Украин улс ОУВС-тай харилцаа нь муудаж ихээхэн хэмжээний мөнгө алдах юм.

Эх сурвалж: BBC, Al jazeera