Монголын эзэнт гүрний үед холбогдох олдворуудын талаар судалгааны баг мэдээлэл хийлээ. 

Судалгааны баг 800-аад жилийн өмнөх язгууртан ноёдын байх магадлалтай бүлэг оршуулгын газрын булшийг илрүүлж малтлага хийсэн бөгөөд уг вааруудыг булшны толгойн хэсэгт, хээт ваарыг баруун хажуу талд байрлуулж булсан байжээ. 

Судлаачид ваартай өрөмнүүдийн хоёрыг задалж үзсэн ба дотроос нь зулын гол байж болзошгүй зүйл илэрчээ. Үүнийг мөнхийн зул асааж, вааранд хийдэг хийдэг байсан байх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Үүнээс үзэхэд 13-р зууны үед бурхны шашин хэр хэмжээнд дэлгэрсэн байна гэдгийн харж болох юм гэж судлаачид онцоллоо.

Уг олдворуудын талаар Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан хэлэхдээ “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Хориг ууланд 1000 гаруй булш байгаагийн 100-аад булшийг тонуулчид тонож сүйтгэсэн байсан ба бүтэн үлдсэн ховор байсан” гэнэ. Иймд судлаачид бүтэн үлдсэн булшнуудад хүрээгүй байна. 

Тухайн үед оршуулгын зан үйлийг бүдүүн модыг ухаж, ухмал модон авсанд цогцсыг битүү торгоор бүрээд, ширэнд ороож үйлддэг байсан гэх тэмдэглэл байдаг. Энэ удаад олдсон булшнуудын ихэнх нь мөн ухмал модон австай байсныг тонуулчид бүгдийг эвдсэн байна. 

Ганц ёроол бүтэн үлдсэн байсныг тоног төхөөрөмж дутмаг учир буцаагаад булшинд нь хийжээ. Тэдгээр булшнаас бүргэдийн толгойтой, арслангийн биет амьтныг алтан утсаар хээ тавьсан торгоны тасархай олдсон нь язгууртны булш гэх таамаглалыг төрүүлж байгаа юм.

Мөн “дундад зууны үеийн зарим сурвалж бичигт их хаадыг Хориг ууланд оршуулдаг байсан гэх тэмдэглэл бий. Гэсэн хэдий ч нүүдэлчдийн оршуулгын зан үйл нь нууцлаг, аливаа тэмдэглэл бичиж, чулуу босгодоггүй байсан учир уг гарвалыг хэнийх тогтоох боломжгүй байна. Германы мэргэжлийн байгууллага булшны он цагийн тооллыг нарийвчлан тогтоож, ДНК-г тогтооно” гэж Ж.Баярсайхан ярилаа. 

Уг олдворуудыг байгаагаар нь хадгалахад орчин үеийн, шаардлага хангасан лаборатори хэрэгтэйг мөн тэрээр дурдлаа. Тухайлбал, өрөм, шар тосыг илрүүлсний дараа зөөж, тээвэрлэхэд хүндрэлтэй байжээ. Иймд зориулалтын тээврийн хэрэгсэл байхгүй учир мөсөнд хийгээд машинаар авчирсан байна. Одоогоор хөргөгчид -18 градусын хэмд хадгалж байна. 

Соёлын өвийн хамгаалалтын талаар Америкийн Монгол судлалын төвийн гишүүн Жулиа Кларк хэлэхдээ “Түүх соёлын олон дурсгалууд сүйдэж, алдагдаж байгаа нь харамсалтай. Соёлын өвийг хамгаалахад ганц байгууллага бус бүх нийтийн оролцоо чухал байна” гэлээ. 

Булшнаас олдсон нар, сарны дүрстэй алтан олдвор нь Хүннүгийн үед холбогдох ихээхэн чухал баримт болно гэдгийг судлаачид онцоллоо.