Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин Бээжин хотноо Хонг Конгийн удирдагч Кэрри Ламтай уулзлаа. Энэ нь хоёр удирдагчийн зургадугаар сард эхэлсэн Хонг Конгийн жагсаалаас хойших анхны албан ёсны уулзалт юм. 

Ши Жинпин энэ үеэр жагсаалын эсрэг авч хэрэгжүүлж буй Ламын арга хэмжээг сайшаасан байна. 

Тэрээр “Төв засгийн газар таны болон Хонг Конгийн засгийн газрын үйл ажиллагаанд бүрэн итгэж байгаа. Хонг Конгт болж буй хүчирхийллийг хуулийн дагуу зогсоох нь чухал ч иргэдтэй хэлэлцээрт хүрч тэдний амьдралыг сайжруулахад анхаарах ёстой. Хонг Конгийн иргэд Нэг улс, хоёр систем бодлогыг дэмжиж хуулиа мөрдөнө гэж найдаж байна” гэжээ. 

Пост сонины мэдээлснээр Лам Хятадын дэд дарга Хан Зэнтэй Лхагва гарагт уулзах хүсэлт тавьсан ба Хонг Конгийн гол бодлого, аюулгүй байдлын хуулийн талаар ярилцах гэнэ. 

Хятадын засгийн газар Ламыг огцруулах гэж байна гэсэн цуурхалыг Хонг Конгийн тал үгүйсгэсэн юм. 

Ажиглагчдын хэлж буйгаар Ламыг огцруулах нь аль хэдийн тогтворгүй болсон Хонг Конгийн нөхцөл байдлыг улам дордуулах магадлалтай юм. Гэсэн ч Ши Жинпиний мэдэгдэл Ламыг Хятадын засгийн газрын утсан хүүхэлдэй мэт харагдуулах эрсдэлтэй гэнэ. 

Эх сурвалж: SCMP, CNN