-Билгийн тооллын жаран хулгана жилээр бус туулайгаар эхэлдэг-

Бидний монголчууд Монгол, Кирилл хос бичигтэй, Аргын, Билгийн хос тоолол хэрэглэдэг ард түмэн билээ. Аргын хэмээх Григорионы цаглабраар Дэлхий Нарыг нэг удаа тойрох 365-366 хоногийг нэг жил хэмээн тооцож, улмаар зуу зуугаар нь багцалж төддүгээр зуун гэж нэрлэдэг. Тухайлбал, МЭ XIX зуун гэвэл 1800-1899, МЭ XX зуун гэвэл 1900-1999 оныг, XXI зууны 21 он гэхээр өнөөдрийн 2021 оныг хэлж байна гэж ойлгогдох юм.

Харин Билгийн хэмээх Төгсбуянтын зурхайн цаглабраар манай гаргийн ганц дагуул эрхэс Сар Дэлхийг нэг удаа тойрох 29-30 хоногийн хугацааг нэг сар хэмээн тооцож, улмаар хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн нэртэй 12 сарыг нэг жил, мөн эдгээр амьтнаар нэрлэсэн 12 жилийг таван удаа давтагдах хугацааг багцалж  төддүгээр жаран гэж нэрлэдэг. Жишээлбэл, Билгийн тооллын XVI жаран нь 1927 оны туулай жилээс 1986/87 оны бар жил дуустал нийт 60 он үргэлжилсэн бол одоогийн XVII жаран нь 1987 оны туулай жилээс эхэлсэн. Тус жаран нь 1946 оны бар жилээр отголно. Дараагийн XVIII жаран нь 1946 оны туулай жилээс эхлэх юм.

Монгол ардын “Арван хоёр жил” дуунд “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана нэг жил, Эвэр сүүл нь тэнцүүхэн байдаг эзэндээ ээлтэй үхэр хоёр жил...” гэж гардагтай холбогдуулан Билгийн тооллын жарныг хулгана жилээс эхэлдэг гэж эндүүрч андуурдаг тал бий. Жаран нь болгон нь Туулай жилээс эхэлж Бар жилээр төгсдөг.  Жаран бүрт амьтнаар нэрлэсэн 12 жил болгон таван удаа давтагддагийг /12х5=60/ дээр өгүүлсэн. Билгийн тооллын XV жаран, XVI жаран, XVII жарны үхэр жилийг Аргын тооллын давхцалаар нь илэрхийлье.