Манай улсад телевизийн салбар үүсэж хөгжөөд 59 жил өнгөрч байгаа ч энэ хугацаанд эрх зүйн зохицуулалтын хуульгүйгээр өнөөдрийг хүрчээ. Харин Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд тус салбарын ерөнхий хөгжил, зохицуулалт, стандарт зэргийг тусгасан гэдгийг албаныхан хэллээ.

Мөн Телевиз, контент үйлдвэрлэгчид, дамжуулагч компаниудын зохицуулалт, хэрэглэгчийн эрх ашгийг хангах, үндэсний контентыг дэмжих, телевизүүд өөрсдийн бүтээсэн контентоороо өрсөлдөх боломж бүрдэх гэнэ.

Гэхдээ уг хуулийн хүрээнд хэрэглэгчдийн суурь хураамжийг 20 мянган төгрөг болгох асуудал яригдаж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хэрэглэгчдийн гар дээр очих төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэл рүү хууль гарах хэрэгтэй” гэлээ.

Харин өнөөдрийн бололцоондоо үндэслээд хураамжаар орж ирж байгаа мөнгөний хэдэн хувийг контент үйлдвэрлэгч, дамжуулагч авах, хэрэглэгчдэд хэрхэн чөлөөтэй, тэгш хүргэх боломжоор хангах асуудлыг хуулийн хүрээнд голлон ярина гэсэн юм.

Контент үйлдвэрлэгч болон түүнийг цацагч компаниудын хооронд төлбөр, ашиг хуваах маргаан гардаг байна. Тухайлбал, телевизүүдийн нэвтрүүлгийг дахин дамжуулагч Univision, Skymedia, DDISH tv зэрэг компаниуд сар тутамд үзэгчдээс авдаг хураамжийнхаа тодорхой хувийг контент үйлдвэрлэгчдэд өгдөг байх эрх зүйн орчин шинэ хуулийн хүрээнд бий болох гэнэ.

Мөн хуульд телевизүүдийн эзэмшлийн асуудал, санхүүжилтийн тогтолцоог нарийн тусгаж өгөхөөр болжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 160 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байгаа ч ихэнх нь бизнесийн бүлэглэл дагасан, зарим нь улс төрчдийн эзэмшилд, цөөн тооных нь зах зээлийн зарчмаараа явж байгаа гэж Я.Содбаатар гишүүн хэллээ.

Үүнээс гадна сэтгүүлч, уран бүтээлчдийн хөлсийг үнэлэх асуудал ч тусгагдсан байна. Хэрэв энэ хууль батлагдвал сэтгүүлч, уран бүтээлчдийн цалин нэмэгдэнэ гэж Ж.Мөнхбат гишүүн ярьсан юм.

Тэрээр яригдаад буй төлбөрийн асуудалд төр жаахан хариуцлага үүрч, татаас өгөх, татвараас чөлөөлөх замаар иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүйгээр шийдэх боломж байгаа гэлээ.