Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөж, оронд нь УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томиллоо.

Тус яамд хүн амины ноцтой хэрэг гарч, вагон замаас гарч осолдсон хэргүүд  шил дарааллан гарсны улмаас Ж.Бат-Эрдэнэ багийн хамт наймдугаар сарын 12-нд албан үүргээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм.

Түүнийг өөрийн хүсэлтээр халаагаа өгч байгаад зарим гишүүд ‘зам тээврийн салбарт олон жил ажилласан туршлагатай, ажлаа мэддэг сайдыг чөлөөлөгдөх болсонд харамсалтай байна’ гэдгээ чуулганы үеэр хэлж байлаа.

Сар шахуу хугацаанд албан ёсны удирдлаггүй байсан ЗТХЯ-ны сайдын сэнтийд  УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарын нэр яригдаж байсан ч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Я.Содбаатарыг нэр дэвшүүлж, чуулганаар 90.8 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Ямартай ч шинэ сайд маань өмнөх сайд шиг тус салбарын мэргэжлийн хүн биш ч тэрээр “Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ. Хэд хэдэн асуудал дээр анхаарч ажиллана. Зам тээврийн салбарын хөгжлийн бодлогын чиглэлийг шуурхайлах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, халаа сэлгээ гэхээсээ илүүтэй мэргэжлийн хүмүүсийг байх газар нь ажиллуулна” гэлээ.

2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тэрээр өнгөрсөн хугацаанд ямар ажил алба хашиж байсан талаар товч намтрыг хүргэе.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр
  • 2004 онд Удирдлагын академи төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
  • 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
  • 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
  • 2010-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2006 онд-Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан
  • 2009 онд-Алтангадас одон
  • 2010 онд-Улсын хяналтын тэргүүний ажилтан