Зураг: zasag.mn

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусахаар заагдсан юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн хугацааг 10 жилээр сунгах шийдвэр гаргаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Манай улс нэг иргэнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог ба 2002 оноос эхлэн Монгол улсын иргэн бүр газар үнэгүй өмчлөх эрх нь хуулиар нээгдсэн байдаг. Үүнээс хойш нийт хүн амын ердөө 13 хувь нь газар өмчилж авсан ба нийт 570 мянган га газар өмчлөгджээ.

Хэрэв та газар нэг удаа үнэгүй өмчлөх эрхээ эдэлж амжаагүй байгаа бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Газрыг өмчлүүлэх зориулалт:

  1. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар / зөвхөн нэг удаа үнэгүй өмчлүүлэнэ/
  • Хот тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газар/гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг,оршуулгын газар, хог хаягдлын цэг,цэвэршүүлэх талбай/
  • Бэлчээр
  • Ойн болон усны сан бүхий газар
  • Тусгай хэрэгцээний газар
  • Зам, шугам сүлжээний газраас бусад газарт газар өмчлүүлэнэ. Гэхдээ уг өмчлөх газар нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт иргэнд өмчлүүлэхээр заасан газар байх шаардлагатай.
  1.  Аж ахуйн болон газар тариалангийн зориулалтаар
  • Давуу эрхээр худалдан авах/тухайн газрыг хууль тогтоомжийн дагуу эзэмшиж байгаа иргэн өмчлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд түүнд давуу эрхээр худалдах замаар өмчлүүлж болно/
  • Дуудлага худалдаагаар худалдан авах/Газрын тухай хуульд заасны дагуу аж ахуйн болон газар тариалангийн зориулалтаар тухайн газрыг эзэмшээгүй иргэн дуудлага худалдаагаар худалдан авч өмчилж болно/ гэсэн үндсэн 2 хэлбэрээр дээрх зориулалтын дагуу газрыг өмчлөх боломжтой юм.

Өмчлүүлэх газрын хэмжээ

  1.  Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших газрын хэмжээ
  • Нийслэлд 0,07 га хүртэл
  • Аймгийн төвд 0,35 га хүртэл
  • Сумын төв, тосгонд 0.5 га хүртэл
  • Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай автозамын дагуух газарт 0.07 га хүртэл
  1.  Аж ахуйн болон газар тариалангийн зориулалттаар эзэмших газрын хэмжээ
  • Дээрх зориулалтаар эзэмшүүлэх газрын хувьд газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж байгаа тохиолдолд тухайн эзэмшиж буй газрын хэмжээгээр харин дуудлага худалдаагаар худалдан авч байгаа  тохиолдолд тухайн дуудлага худалдаагаар худалдаж буй газрын хэмжээгээр өмчилж болно.

Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ:

  1. Өмчилж авахыг хүсч буй газрын харьяалагдах сум, дүүргийн засаг даргад газар өмчлөх өргөдлөө гаргана.

Өргөдөлд:

  • Гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг/эх/-ийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар
  • Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал
  • Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ
  • Өргөдөл гаргаж буй газрыг иргэд дундаа буюу хэсгээр хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт зэрэг мэдээлэлийг тусгана.
  1. Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүн бүр гарын үсэг зурна.
  1. Өргөдөлд хавсаргах баримт бичгүүд:
  • Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Гэр бүлийн ам бүлийн байдлийн тухай баг, хорооны засаг даргын тодорхойлолт
  • Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмшүүлэх гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг/Кадастрын зураг/ Кадастрын зургыг хийлгэхдээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд уг зургыг үндэслэн сумын газрын даамал, дүүргийн газрын алба өмчилж буй газрын тань кадастрын зургыг нэгдсэн бүртгэлд оруулдаг. Ийнхүү кадастрын зураг хийлгүүлэх нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д заасан иргэний таны хүлээх үүрэг юм.
  1. Сум, дүүргийн засаг дарга өргөдлийг хүлээн аваад хүлээн авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэнэ.
  2. Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэнэ.
  3. Засаг даргын шийдвэрийг үндэслэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор газар өмчлөх эрх тань баталгаажина.
  4. Өмчлөх эрхийг бүртгэх эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээ авахын тулд дараахи бичиг баримт бүрдүүлэнэ.
  • Тусгай загвар бүхий мэдүүлгийн маят бөглөнө
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт
  • Газар өмчлүүлсэн талаарх Засаг даргын захирамж, түүний үндэслэн олгосон гэрчилгээ/эх хувь/
  • Кадастрын зураг/эх хувь/
  • Өмчлөгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Газар эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг мэдүүлэгт хавсаргана.

Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл

  1. Өмчийн газраа, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх
  2. Сум дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр  бусдад эзэмшүүлэх, ашиглуулах
  3. Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах
  4. Газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглах

Газар өмчлөх эрх дуусгавар болох

  1. Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр
  2. Газар өмчлөх эрхээсээ татгалзснаар
  3. Газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар
  4. Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр/шүүхийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр г.м/

Иргэний газар өмчлөх эрхийн баталгаа

  1. Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно.
  2. Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын иргэний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийн улмаас иргэнд хохирол учирсан тохиолдолд хохирлыг шийдвэр гаргасан байгууллага нөхөн төлнө.
  3. Иргэний газар өмчлөх эрхийг зөрчсөн этгээд иргэнд учруулсан хохирлыг түүний олох байсан орлогын хамт иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө.
  4. Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд ийнхүү солих буюу эргүүлэн авахаасаа өмнө: “газрыг сольж байгаа тохиолдолд иргэний хүсэлтийг үндэслэн өмчилж байсан газраас нь төлөв байдал, чанары хувьд дордохоогүй газрыг өмчлүүлэх, эргүүлэн авч байгаа тохиолдолд үнийг нь төлөх, өмчилж байсан газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх, өмчлөгчөөс тухайн газарт зарцуулсан хөрөнгийн үнийг төлөх” зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
  5. Иргэнийг газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.

Газар өмчлөх эрхийн талаар гомдол гаргах

  1. Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн төрийн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргана.
  2. Иргэний гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж бичгээр хариу өгнө. Гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгөөгүй бол шүүхэд гомдол гаргана

 

Эх сурвалж: advocate.mn