ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг болон НЗДТГ-т Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах шалгалт хийж дууслаа.

Мөн Төрийн тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис, хүйтэн зэвсэг зэрэг хууль бус эд зүйлс байгаа эсэхэд үзлэг хийлээ.

Тодруулбал, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсролын яам зэрэг нь иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх байдал хангалтгүй, хуулийн хугацаа 7-30 хүртэл хугацаагаар хэтэрсэн ч шийдвэрлээгүй байжээ.

Түүнчлэн Байгаль орчны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам батлагдсан орон тоог 2-23 хүртэл хүнээр хэтрүүлж гэрээгээр ажиллуулсан, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байгаа нь тогтоогдсон байна. Мөн гадаад дотоодын өндөр зардалтай олон томилолтуудын тайлан, илтгэх хуудас бичигдээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Харин төрийн тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийж, архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115, салют, бензин зэрэг шатамхай бодис 11, согтууруулах ундааны шил сав 21 ширхэг илэрсэн байна.

Тиймээс сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг байгууллага бүр дахин боловсруулж дагаж мөрдөх, хугацаа хоцроосон өргөдөл гомдлыг есдүгээр сарын нэгэн гэхэд шийдвэрлэж дуусгахыг даалгажээ.

Мөн үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч, гэрээт ажилчдыг болиулж төрийн захиргааны жинхэнэ албан тушаалын орон тоонд тохирох хүмүүсийг сонгон шалгаруулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд есдүгээр сарын нэгний дотор гаргаж, орон тоогоо бүрдүүлэхийг үүрэгджээ.  

Улмаар энэ төрлийн гэнэтийн шалгалтыг сар бүр ЗГХЭГ-аас тогтмол явуулахаар боллоо.

Сануулбал, ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч нэгийнхээ аминд хүрсэн хэрэг энэ сарын есөнд гарсан юм.