Сүүлийн үед цахим орчин болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Японд хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажилтнаар зуучлана” гэсэн зар ихээр явж буйтай холбогдуулан ХНХЯ-аас сэрэмжлүүлэг гаргалаа.

Тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд ажиллах хүч гадаадад илгээх нь хуулиар хориотой бөгөөд одоогоор яамнаас Японд хөдөлмөрийн гэрээний ажилтан илгээх тусгай зөвшөөрлийг ямар ч хуулийн этгээдэд олгоогүй гэнэ

Иймд иргэд дээрх төрлийн зард итгэхгүй байх, зарын дагуу бүртгүүлэх зэргээр залиланд өртөхгүй байхыг анхаарууллаа. Мөн уг агуулгаар олон нийтэд зар түгээх, иргэдийг бүртгэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай юм.

Тодруулбал, зохих зөвшөөрөлгүйгээр ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах, гадаадад гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хувь хүнийг 400 нэгж, хуулийн этгээдийг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог байна.

Сануулахад, ХНХЯ-аас өмнө олгосон ур чадварын дадлагажигч илгээхэд зуучлах тусгай зөвшөөрөл нь хөдөлмөрийн гэрээгээр ажилтан илгээх үйл ажиллагаанд хамааралгүй гэдгийг яамны зүгээс анхаарууллаа.