ЦЕГ-аас орон нутгийн замд гарч буй осол аваарыг бууруулах үүднээс өнгөрсөн сарын 15-аас 10-р сар хүртэл Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд олон улсын чанартай болон орон нутгийн замуудад тавих хараа хяналтаа сайжруулсны дүнд гарах зөрчил 90 хувь хүртэл буурчээ. Мөн дээрх арга хэмжээний хүрээнд Яараад яахав дээ аяныг зохион байгуулж байгаа юм. 

Уг аян хэрэгжээд нэгхэн сар болж байгаа ч хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50.8 хувиар, нас барсан хүний тоо 11.7 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 49.7 хувиар буурчээ. Үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 64 хувь, гэмтсэн хүн 59.5 хувь, нас барсан хүн 21.7 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна. 

Мөн нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн цагдаагийн газраас 120 гаруй хяналтын цэг дээр 295 албан хаагч хяналт шалгалт гүйцэтгэж, 52574 зөрчил илрүүлжээ. Үүнээс 

  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106, 
  • Аюулгүйн бүс хэрэглээгүй 6083,
  • Хурд хэтрүүлэн зорчсон 3190,
  • Гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 846,
  • Бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 12789,
  • Бусад 28.202 зөрчлийг тус тус илрүүлж, арга хэмжээ авчээ.Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс-н зураг.

Түүнчлэн хамгийн их осол аваар гарч буй зарим замд хяналтын камер тавих ажлыг эхлүүлсэн байна. Одоогоор Замын -Үүд Сайншандын чиглэлд камер тавьж байгаа ба энэ нь машины дундаж хурдыг хэмжиж, гаргасан зөрчилд нь арга хэмжээ тооцох гэнэ. 

Дээрх чиглэлд тавих камерыг энэ жил ашиглалтад оруулах бөгөөд цаашид 21 аймагт энэ ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  

Үүнээс гадна Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 10 мянга гаруй гомдол мэдээлэл хянаж шалгажээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 444, зөрчлийн шинжтэй 10 мянга гаруй гомдол мэдээллийг хянан шийдвэрлэжээ. 

Мөн баяр наадмын өдрүүдэд хүний амь нас хохирсон хэрэг 15, хүчиндэх гэмт хэрэг 30, хулгай 10, зам тээврийн осол 20 хувь гэр бүлийн хүчирхийлэл 50 хувиар буурсан байна.