Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын баян орнууд дэлхийн өмнөд хэсэг дэх ядуу орнуудыг хөгжүүлэхийн тулд тусламж үзүүлдэг байна. Колоничлолын үед барууны хүчирхэг орнууд колони орныхоо байгалийн баялгийг ухаж, иргэдийг нь боолчлох замаар хөлжжээ. Гэвч өдгөө Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага жил бүр 125 тэрбум гаруй долларыг буурай орнуудад зарцуулдаг байна.

Олон улсын эдийн засгийн бодлогын байгууллага болон Норвегийн эдийн засгийн их сургууль 2017 онд баян, ядуу орнуудын хоорондох эдийн засгийн харилцааг судалсан байна. Ингэхдээ зөвхөн тусламж, хөрөнгө оруулалт, худалдаа бус зээл тэглэх, ажиллах хүч авах зэрэг эдийн засгийн бус харилцааг ч хамруулсан юм.

Хөгжиж буй орнууд 2012 оны байдлаар 1.3 триллион долларын зээл тусламж, хөрөнгө оруулалтыг хөрөнгөтэй орнуудаас авсан байна. Гэвч хариуд нь 3.3 триллион долларыг гадагш зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, хөгжиж буй орнууд хоёр триллион долларын илүүг гадагшаа алдсан гэсэн үг юм.

Үүнээс улбаалан өмнө зүгийнхэн 1980 оноос хойш нийт 16.3 триллион долларыг салхинд хийсгэсэн гэх тооцоо гарч байна. Ийнхүү эргэх тогтолцоотой тусламжийн ачаар ядуу орнууд баян улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа юм. Энэ их мөнгөний урсгалын зарим нь зээлийн эргэн төлөлт бөгөөд Нью-Йорк, Лондоны томоохон банкнууд 1980 оноос хойш хөгжиж буй орнуудын зээлийн хүүнээс 4.2 триллион долларын ашиг олжээ.

Мөн томоохон хөрөнгө оруулагчид хөгжиж буй оронд хийсэн хөрөнгө оруулалтаа эргүүлэн авчирдаг байна. Ингэхдээ хөрөнгө оруулагчид тухайн хөгжиж буй оронд худалдааны тооцооллоо худал мэдүүлж илүү гарсан мөнгийг татвар багатай, шүүх засаглал тогтворгүй оронд хадгалдаг аж.

Уг арга нь ихэнхдээ татвараас зайлсхийхэд ашиглагддаг ч мөнгө угаах, капитал удирдлагад саад болох зорилгоор хэрэглэж болдог юм. Хөгжиж буй орнууд 2012 онд уг аргаар 700 тэрбум доллар алдсан ба энэ нь гадны тусламжийг тав нугалсан үнийн дүн гэнэ.

Үндэстэн дамнасан компаниуд ч мөн тооцооллоо худал мэдүүлэх аргаар хөгжиж буй орнуудаас мөнгө угаадаг байна. Ингэхдээ гадаад дахь салбарууддаа аль алинд нь худал тооцоолол гаргаж ашгаа хооронд нь хууль бусаар дамжуулдаг юм.

Жишээлбэл, ямар нэг компани Нигерийн татвараас зайлсхийхийн тулд татваргүй, хулгайн хөрөнгийг илрүүлэх боломжгүй Британий Виржиний арлууд руу орлогоо шилжүүлэх боломжтой аж.

Хөгжиж буй орнууд энэ байдлаар мөнгөө алдсаар эдийн засгийн өсөлт нь удааширч амьжиргааны түвшин нь буурдаг байна. Дэлхий дээр татвар багатай 60 гаруй орон байдаг ба тэдэнгүйгээр мөнгө угаах боломжгүй юм.

Европт л гэхэд Люксенбург, Бельги болон Америкийн Делавэр, Манхэттен муж бага татвартай байна. Эдгээрээс хамгийн том нь Их Британий эзэмшил газруудыг хариуцдаг Лондон хот юм. Өөрөөр хэлбэл, хөгжиж буй орнуудыг дэмжиж тусалдаг улсууд нь өөрсдөө бага татвартай орнууд юм байна.

Иймээс ядуу орнуудад хандив бус шударга ёс хэрэгтэй юм. Хэрэв өндөр хөгжилтэй орнууд буурай орнуудын өрийг тэглэж, удаан хугацааны зээлийн хүүг хөгжилдөө ажиглах боломж олговол хууль бус санхүүгийн үйл ажиллагааг таслан зогсоож чадна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зөвлөжээ.

Гэвч энэ нь томоохон банк, компаниудын сонирхлын эсрэг чиглэсэн учир шударга бус санхүүгийн системийг зогсооход хүндрэл гарч магадгүй байна.

Эх сурвалж: The Guardian