Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Виктория Кваква, Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нартай уулзлаа.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан тооцооллоор манай улсын ядуурлын түвшин 28.4 хувьтай гарсан байна. Энэ нь ядуурал их байгаагаас гадна эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмж муутай байгааг харуулж байна гэж дүгнэжээ. 

Иймд малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар Ерөнхийлөгч танилцуулсан байна. Тодруулбал, 180 мянга гаруй малчин өрхийн орлогын эх үүсвэр болох мах, арьс шир, ноос ноолуур зэргийг боловсруулж, экспортод гаргах төслийн ТЭЗҮ хийгдсэн юм. 

Эдгээр төсөл нь Дэлхийн банкны сонирхлыг ихэд татсан ба Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневт төслүүдтэй танилцах ажлыг даалгажээ. 

Уулзалтын төгсгөлд 2020-2024 онд манай улстай хамтран ажиллах түншлэлийн цар хүрээг тодорхойлох талаар ярилцаж, ядуурлыг бууруулах, ашигт малтмалын бус салбарын хөгжлийг дэмжих төслийг хоёр талаасаа тууштай дэмжихээр боллоо. 

Манай улсын эдийн засаг 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 онд 6.9 хувь болж өссөн юм. Энэ нь ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 13 нэгж хувиар буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг.