Бид тоймлоё, Та унш

2019.08.14 Лхагва                                                  21°C  2,671.77  Эд мал арвидна

Чухлыг тоймлоё 


Цахим банк түр зогсолт хийнэ  

Монголбанкнаас төлбөрийн системийг шинэчилж буйтай холбоотойгоор 8/14-15-ны 00:00–02:30 цагт интернет, мобайл зэрэг цахим банкаар гүйлгээ хийгдэхгүй юм.

Тэгээд яах вэ? 
ATM болон ПОС машин хэвийн ажиллана. Төлбөрийн систем шинэчлэгдсэнээр ААН-үүд төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэхээс гадна Дансны нэгдсэн санг нэвтрүүлэх юм.

Дугаараа хэлэхэд л гүйлгээ хийгдэнэ
Дансны нэгдсэн сантай болсноор харилцагчид утасны дугаар, цахим хаяг зэрэг нэмэлт мэдээллээ ашиглан гүйлгээ хийх боломжтой. Ингэснээр гүйлгээний нэр, данс зөрөх алдаа багасаж, гүйлгээ хийхийн тулд биеийн байцаалтаа авч явдаг үе ард хоцрох юм.


Тосон бумбыг сэндийчиж буй компанид хариуцлага тооцлоо

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн Сауд гоби коэл транс ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцалж, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаар боллоо. Сауд гоби коэл транс ХХК нь 2012, 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан ба Тосон бумбын нуруунд дэлхийд ховордсон цоохор ирвэр амьдардаг юм.


Э.Оюунболдын цолыг хураахыг шаардлаа

МҮБХ-оос допинг хэрэглэсэн 2 бөхийн 1 нь аварга Э.Оюунболд гэж мэдэгдлээ. Тиймээс түүний цол, бай шагналыг хурааж, барилдах эрхийг 2 жил хасахыг Баяр наадмын зохион байгуулах хорооноос шаардлаа. Ингэснээр Э.Оюунболдод унасан Н.Батсуурь даян аварга, Ц.Содномдорж чимэг нэмж, Д.Анарт заан, Б.Цэрэнсодномд харцага, Н.Мустафад улсын начин цол олгох нөхцөл бүрдэнэ. Харин допин хэрэглэсэн гэх 1 бөхийн нэр одоог хүртэл тодорхойгүй байна. 


Америк ядуу цагаачдыг гадуурхсан уу?

Америкийн ЗГ 10/15-аас орлого багатай хууль ёсны цагаачдын визний журмыг чангатгаж, хүнс, орон байрны тусламжийг 12-36 сар авсан иргэдийн визийг сунгахгүй гэж мэдэгдлээ. Харин армийн тэтгэмж авдаг алба хаагч, жирэмсэн эх, хүүхэд, яаралтай тусламж авч буй цагаач, цагаачлах хүсэлт гаргасан хүмүүст уг журам хамаарахгүй юм. Гэвч Хүний эрхийн байгууллагууд “ЗГ ядуу цагаачдыг гадуурхаж байна” гэж үзэн шүүхэд өгнө гэжээ.


Хонг Конгийн жагсаал үргэлжилсээр л… 

Тусгаар тогтнол, эрх чөлөөг шаардаж буй иргэдийн жагсаал 2 сар гаруй хугацаанд үргэлжилж байна. Тэд онгоцны буудал, томоохон замыг хаан жагсаж байгаагаас үүдэн ОУ-ын нислэг зогссон юм. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сумтай буу, нулимс асгаруулагч, бороохой ашиглаж байгаа ба 700 гаруй хүн баривчлагдаж, 5 хүн нас барж, 230 гаруй хүн гэмтсэн байна. Жагсагчид шаардлагыг нь биелүүлтэл зогсохгүй гэж байгаа бол удирдагч Кэрри Лам үүнийг “терроризмын шинжтэй хүчирхийлэл” гэжээ. 

Таны сонорт


Related image Гадаадын иргэн жолооны үнэмлэх хэрхэн авах вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр