Эмэгтэйчүүдийг ажлын байран дээр заавал өндөр өсгийт өмсөх ёстой гэсэн шаардлагыг эсэргүүцсэн онлайн өргөдөлд Японы 19 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Анх Японы уран бүтээлч, зохиолч, феминист Юми Ишикава албан байгууллагуудын эмэгтэй ажилтнуудад тавьдаг шударга бус шаардлагыг эсэргүүцсэн жиргээг твиттертээ нийтэлснээр уг өргөдлийг гаргасан юм.

Түүний хэлснээр ажлын байран дээр өндөр өсгийт өмсөхийг эмэгтэй ажилтнуудаас шаардах нь хүйсээр ялгаварлан гадуурхах, дарамтлахын нэг хэлбэр гэнэ. Түүний ашигласан #KuToo гэсэн hashtag-ыг ашиглан олон эмэгтэйчүүд ажлын байран дахь хувцасны шаардлагын талаар саналаа дэвшүүлжээ.

Японоор Куцу гэдэг нь гутал Куцуу нь өвдөлт гэсэн угтай бөгөөд уг #KuToo хөдөлгөөн нь эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөнөөс санаа авсан байна.

Японы эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй гэж мэдэгджээ. Тус улсад компаний удирдлагууд ажилтнуудын хувцсанд шаардлага тавихыг хориглосон хууль байдаггүй юм. Мөн эрчүүд ч ажлын байран дээр зангиа, арьсан гутал өмсөх шаардлага гардаг байна.

Их Британид 2016 онд эмэгтэйчүүдийг ажлын байран дээр өндөр өсгийт өмсөх шаардлагыг эсэргүүцэн 100 мянга гаруй хүн өргөдөлд гаргаж байжээ.

Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр Япон улс нь хүйсийн тэгш байдлаараа 149 орноос 110-т бичигддэг ба сүүлийн үед энэ асуудлаар дуу хоолойгоо хүргэх болсон юм.

Мөн тус улсад хожуу гэрлэх явдал эрчимтэй дэлгэрч байгаа гэнэ. Учир нь эрх баригч намын гишүүн өнгөрсөн онд эмэгтэйчүүдийг олон хүүхэд төрүүлэх ёстой гэж хэлсэн бөгөөд ганц бие эмэгтэйчүүд хожим улсын хөгжилд саад болно гэсэн байна.

Эх сурвалж: NY times, CNN