Японы засгийн газар тус улсыг орхин явж буй жуулчдаас 1000 иений татвар авч эхэллээ. Үүнээс олсон орлогоо 2020 оны Токиогийн олимпын бэлтгэл ажилд зарцуулах гэнэ.

Энэхүү татвар тухайн жуулчны иргэншлээс үл хамааран агаар болон далайн тээврийн зардалд нь нэмэгдэх юм байна.

Харин хоёр хүртэлх насны хүүхэд, Японд 24 цагийн хугацаатай ирсэн, таагүй цаг агаар болон бусад зайлшгүй хүчин зүйлээс болж нутаг буцаж буй жуулчдаас татвар авахгүй гэнэ.

Засгийн газар уг татвараас энэ онд 50 тэрбум иений ашиг олно гэж үзэж байгаа юм. Үүнийгээ аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах, аяллын мэдээллийг хялбарчлах, бүс нутгийн онцлог газар, соёл уламжлалыг сурталчилахад зарцуулах юм.

Япон улсыг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд өссөн бөгөөд өнгөрсөн онд анх удаа 30 сая жуулчин хүлээн авчээ. Ялангуяа Хятад, Өмнөд Солонгос, Тайвань, Хонг Конгийн жуулчдын тоо нилээдгүй өссөн ба 2020 он гэхэд 40 сая жуулчин хүлээн авахыг зорьж байгаа юм.

Эх сурвалж: Japan times, Straits times