Японы автомашин түрээслэгчдийн наймны нэг нь машиндаа унтах, ажлаа хийх, гадаад хэлээ сайжруулах, телевизор үзэх зэргээр ашиглаж байгааг судлаачид тогтоожээ. 

Энэхүү өвөрмөц байдал анх машин түрээсийн Орикс Авто компаний 230 мянган хэрэглэгчдэд илэрсэн ба бусад компаний хэрэглэгчид ч машинаа төдийлөн унадаггүй байна. 

Тухайлбал, 1.2 сая түрээслэгчтэй Таймс 24 компаний хэрэглэгчид машиндаа унтаж, ажиллахаас гадна хувийн эд зүйлсээ хадгалах агуулах болгон ашиглаж байжээ. 30 настай оффисийн ажилтны Асахи сонинд ярьснаар тэрээр дэлгүүрээс авсан өдрийн хоолоо идэхийн тулд машин түрээсэлсэн гэнэ. 

Асахи сонины мэдээлснээр Таймс 24 компани Японы 12 мянга гаруй байршилд нэг машиныг 30 минутад 400 иенээр түрээслүүлдэг байна. 

Гэвч машины агааржуулагчийг олон цагаар ажиллуулах нь байгальд сөргөөр нөлөөлдөг учир тээврээс бусад зорилгоор машин түрээслэхгүй байхыг Орикс Авто компани хэрэглэгчдэд уриалжээ. Орикс авто компани нь онлайнаар машин захиалах үйлчилгээ үзүүлдэг цөөхөн байгууллагын нэг бөгөөд 15 минутад 200 иен, сард 2000 иений түрээсийн төлбөр авдаг байна. 

Дэлхийн 28 оронд хийсэн судалгаагаар Япончууд хоногт зургаан цаг 35 минут унтдаг ба энэ нь бусад орноос 45 минутаар бага юм. Мөн 20-иос дээш насныхны 92.6 хувь нь хангалттай нойр авдаггүй гэдгийг Фужи Рёки компаний судалгаагаар баталсан байна. 

Эх сурвалж: The guardian, Canada