Японы Кюшу арлын Кагошима, Маяазаки мужид сар гаруй хугацаанд орсонтой тэнцэх бороо Лхагва гарагт орсноос болж нэг сая гаруй хүн орон гэрээ орхиход хүрчээ. 

Кюшу аралд долдугаар сарын туршид дунджаар 319 мм бороо ордог байна. Гэвч энэ долоо хоногт 755-1010 мм-ын бороо оржээ. Иймд Японы цаг уурын газраас арлын нэг сая гаруй иргэдэд хөрсний нуралт, үерийн аюулаас урьдчилан сэргийлж нүүхийг сануулсан байна. 

Мөн Японы ерөнхий сайд Шинзо Абэ гамшгийн бүсэд 14 мянган аврагчдийг нэмэлтээр илгээжээ. 

Японд өмнө зүгийн чийглэг агаар, хойд зүгийн хүйтэн агаартай нийлсэнээс болж 6-7 сарын хооронд борооны улирал тохиодог байна. Энэ нь байгалийн гамшгийн хэмжээнд хүрэх тохиолдлууд байдаг юм. Тухайлбал, өнгөрсөн оны долдугаар сард Хирошима, Окаяама, Эхимэ мужид орсон хүчтэй борооны улмаас үер, хөрсний нуралт үүсч 200 гаруй хүн амиа алджээ. 

Эх сурвалж: Japantimes, CNN