Монгол Японы засгийн газрын хэлэлцээрийн дагуу БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй Инженер, технологийн дээд боловсрол төсөл нь инженер, технологийн чиглэлээр Японд суралцах хүсэлтэй ЕБС төгсөгчдийг төслийн сорилд бүртгэж байна.

Энхүү төсөл нь 1000 хүнийг инженерийн чиглэлээр Японд сургах төлөвлөгөөтэй ба 2014-2024 он хүртэл үргэлжлэх юм. Төслийн сорилд ЭЕШ өгсөн ЕБС-ийн төгсөгч, 22 хүртэлх настай иргэн хамрагдана.

Хэрэв шаардлага хангасан тохиолдолд Инженер, технологийн дээд боловсрол төслийн хөтөлбөрүүдэд хамрагдан суралцах боломжтой ба төслийн сорил энэ сарын 19-ний 14:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 2-р байранд зохиогдох юм.

Сорилын бүртгэлийг энэ сарын 18-ны 18:00 цаг хүртэл www.elselt.edu.mn/mjeed сайтаар бүртгэх ба бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. Улаанбаатарт сорил өгөх иргэд бүртгэлийн хураамжийг Голомт банкны 8115101742 тоот дансанд /Хүлээн авагч байгууллага: ШУТИС, ҮТС, гүйлгээний утга: “ИТДБ” төслийн сорил, овог нэр, регистр/. тушаана.

Төслийн бэлтгэл коосэн сургалтын хөтөлбөрт элсэн суралцагчид:

  • Механик инженерчлэл
  • Цахилгаан, электроник
  • Мэдээллийн систем
  • Хүрээлэн буй орчны инженерчлэл
  • Барилга, архитектур
  • Бусад /техник технологи/ зэрэг мэргэжлээр ШУТИС-д 1.5 жил суралцаад шилжин суралцах шалгалтад тэнцсэн тохиолдолд Японы Коосэнд гурван жил суралцан төгсөх юм.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрт элсэн суралцагчид:

  • Архитектур
  • Барилга хүрээлэн буй орчны инженер
  • Механик инженер гэх гурван мэргэжлээр ШУТИС-т 2.5 жил суралцаад кредит дүйцүүлэн Японы инженер, технологийн чиглэлээр тэргүүлдэг улсын сургуулийн 3-р дамжаанд шилжин суралцдаг.

Сорилын шаардлага хангасан шалгуулагч нь ЭЕШ-д математик, физик, химийн хичээлийг сонгон 650-аас дээш оноо, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 680-аас дээш оноо авсан тохиолдолд Коосэн сургалтын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой.

Төслийн сургалтын хөтөлбөрт суралцаж буй оюутнууд Монголд суралцах хугацааны зардлыг хувиасаа төлөх бол Японд суралцах хугацааны зардлыг Боловсролын зээлийн сангаас олгоно. Ингээд оюутан амжилттай суралцан төгсөж ирээд эзэмшсэн мэргэжлээрээ таваас доошгүй жил эх орондоо үр бүтээлтэй ажилласан тохиолдолд зээл нь тэтгэлэг болох юм.