Японы Кеио их сургуулийн эрдэмтэд хүнд зориулсан роботон сүүл зохион бүтээсэн ба энэ нь амьтантай ижил аргаар тэнцвэрээ олоход туслах юм байна. 

Эрдэмтдийн судалснаар сүүн тэжээлтэн, сээр нуруутнууд сүүлээ нэмэлт эрхтэн болгон ашигладаг аж.

Аркю гэх төслийн дагуу бүтээсэн метр урттай сүүлийг хүний бүсэлхийнд тогтоох ба жинхэнэ сүүл шиг нугаларч хөдөлгөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, сүүлний мэдрэгч болон дөрвөн хиймэл булчин нь хүний хөдөлгөөний эсрэг зүгт хөдөлж тэнцвэрийг бий болгодог байна. Энэхүү сүүл нь хүний биеийн жингийн таван хувьтай тэнцэх жинтэй бөгөөд урт, жинг нь тухайн хүнд тааруулж өөрчлөх боломжтой. Одоогоор уг сүүл нь хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа ба цаашид хиймэл булчин нэмэх, удаан хугацааны хэрэглээний дараах сөрөг нөлөөг судлах зэрэг ажил хийгдэх гэнэ. 

Судлаачдын хэлснээр энэхүү сүүл нь өндөр настнууд болон биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүст тэнцвэрээ олоход тустай юм.

Сүүлийн үед Японд роботон эрхтний технологи хүчтэй хөгжиж байгаа ба 2015 онд дэлхийн хамгийн том Роботон эрхтний экспог зохион байгуулжээ. Энэ үеэр төгөлдөр хуурчдад зориулсан электрон бээлий, электрон кимоно, нохойн сэтгэл хөдлөлийг мэдрэх хүзүүвч, мартах өвчтэй хүмүүст зориулсан бар кодтой хумсны наалт зэргийг танилцуулсан байна. 

Эх сурвалж: CNN