Ерөнхийлөгч Х.Баттулга эхлээд Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзаж, санал солилцсон байна. Энэ үеэр Шинзо Абэ Тавантолгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. 

Мөн Монгол-Америк стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь Япон-Америк-Монгол гэсэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс мөн гэсэн байна. Харин манай талаас Японтой нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Үүний дараа Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхийн чухлыг онцолж, ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэгт хийх айлчлалаар бодитой зүйл хийж, үр дүнд нь хоёр улсын харилцааг нэг шат ахиулах хүлээлттэй байгаагаа Нарендра Моди илэрхийлсэн байна.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Оросын алс дорнодын бүс нутгийн хөгжилд Азийн орнуудаас хөрөнгө оруулалт татах зорилготой ба энэ жил 65 орны 8000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.