Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Оросын Владивосток хотод ирлээ. Тэрээр өнөөдөр Япон, Энэтхэгийн ерөнхий сайд нартай уулзаж, нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлнэ. 

Х.Баттулгыг Владивосток хотод газардахад Ороын талаас Гадаад хэргийн яамны төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын ЗДТГ-ын орлогч дарга В.В.Черепков зэрэг төлөөлөгчид угтсан байна. 

Дорнын эдийн засгийн чуулга нь Оросын ерөнхийлөгч Владимир Путиний санаачилгаар тав дахь жилдээ зохиогдож байна. 

Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах ажлыг хамтран урагшлуулах механизмтай болох тухайд талууд гарын үсэг зурсан юм. 

Тус хөтөлбөрийн хүрээнд манай улс 32 төслийг хэрэгжүүлэх ба хамгийн урт төмөр замын коридор байгуулагдана.Тухайлбал, Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин чиглэлийг хамарсан төмөр замын төв коридор байгуулна.