Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөс үүдэн албаныхан болоод улс төрчдийн дунд уг хуулийг тойрсон маргаан үүсээд байгаа юм.Тэгвэл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Эрүүгийн хуульд суурь зарчимтайгаа илт зөрчилдсөн хуулийн заалтуудыг тусгасан гэж үзэн санал дүгнэлт боловсруулсан байна.

З.Энхболд Эрүүгийн хуультай холбоотой энэхүү санал дүгнэлтээ ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн байна.

Тэрээр Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэх заалтыг хөөн хэлэлцэх хугацааг хуульчлахдаа гишүүд тогтсон дэг, процедурыг зөрчин “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн гэлээ.

Ингэснээр уг заалтад хоёрдмол утга үүсэж, мөрдөгч, прокурор, шүүгч нар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дур зоргоороо, өөрсдийн үзэмжээрээ тайлбарлан хэрэглэх зохисгүй практик бий болоход хүрсэн гэнэ.

Мөн авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг хэт удаашруулж гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял завших, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдсэнийг онцоллоо.

Үүний хамгийн том нотолгоо нь МХЕГ-ын дарга нарын оролцсон 25 хүнд холбогдох авлигын хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгосон явдал гэлээ.

Зураг: Нийгмийн толь

Иймд Эрүүгийн хуульд дараах өөрчлөлтүүдийн тусгах санал гаргасан байна. Үүнд:

  1. Эрүүгийн хуулийн 1.10-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно” гэснийг хүчингүй болгох,
  2. Прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор заасан 32.5-р зүйлийн 1.5 дахь заалтыг хүчингүй болгох. Учир нь тухайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хэрхэн хураах түүний хохирлыг хэрхэн тооцох эсэх нь орхигдсон,
  3. Гэмт хэргийн ангиллаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоох. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 2.6-р зүйлд хуульчилсан гэмт хэргийн ангиллын хийдэлтэй байдлыг эргэн харж, дахин шинээр уялдуулж дахин ангилах шаардлагатай гэж үзжээ.

Мөн гэмт хэргийн ангилалтай уялдуулж түүний хөөн хэлэлцэх хугацааг тогтоосноор хорихоос бусад төрлийн ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжтой болно гэдгийн дурдсан байна.

Харин гэмт хэргийн ангилалтай уялдуулах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэмт хэргээс бусад бүх хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох нарийвчилсан зохицуулалт оруулах, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг гол шалгуур болгон түүнд нийцүүлэхээс гадна хөөн хэлэлцэх хугацааны дээд, доод хэмжээг ихэсгэж хуульчлах ёстой гэж үзжээ.