Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэх газарт Эко-Алтан Заамар ХХК-ийн ашигт малтмалын олборлолт явуулж байсан газарт өчигдөр 16:00 цаг орчимд осол гарлаа.

Тодруулбал, ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, КАТ-374 загварын экскаватор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагджээ.

Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан бөгөөд Онцгой байдлын алба хаагчид шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна. Осол болсон уурхайн карьерт усны ундарга ихтэй байгаа учраас аврагчид орж чадахгүй байгаа гэнэ.

Тиймээс Орхон аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Үндэсний аврах бригадын дөрвөн алба хаагч ослын газарт очин, хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа ч уурхайн гүн рүү орж чадахгүй байгаа юм. Уурхайд дарагдсан дөрвөн хүн амьд байх магадлал тун бага гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.