Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, нийтийн тээврийн үйлчилгээ болон замын түгжрэлийг бууруулах үүднээс авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.

Хичээлийн шинэ жилийн эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг багасгах үүднээс томоохон зах, худалдааны төвийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар боллоо. 

Мөн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад даалгалаа. 

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор нийт 24 чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. 

Үүнээс гадна ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний ус тогтож, эвдрэлд ороод байгаа авто замуудын судалгааг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах үүргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад өглөө.

Сануулахад, замын ачаалал түгжрэлийг бууруулах үүднээс нийслэлийн замыг бүсчлэлд хуваах ажлыг энэ сараас хэрэгжүүлэх байсан ч иргэдийн 60 гаруй хувь нь дэмжээгүй учир тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.