Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгжүүлсэн Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ, махны үйлдвэр бүхий ААН-тэй хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд бэлтгэсэн махны худалдаа эхэллээ.

Энэ жил нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд Баатарууд Тэнгэр ХХК, Дархан меат фүүдс ХХК, Сүхбаатар мах маркет ХХК-иуд нийт 4000 тн мах бэлтгэсэн байна. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг хоёр болон гурван кг-аар ангилж савлан, үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр худалдаалж эхэллээ.

Савласан махыг нийслэлийн зургаан дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж байгаа юм. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөхөөр төлөвлөжээ.

Бэлтгэсэн махыг борлуулж буй үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байгаа юм. Тухайлбал, үхрийн ястай мах 2442 төгрөг хонины ястай мах 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр хямд үнээр борлуулж байна.

Статистикийн газрын мэдээлснээр махны үнэ 6-11 мянган төгрөгийн хооронд байгаа ба энэ оны хаврын махны хэрэгцээнд зориулан 4.6 тэрбум төгрөгөөр нөөцийн мах бэлтгэхээр шийдвэрлэсэн юм.