Чуулганы хуралдаан 10.38 цагт 50.7 хувийн ирцтэй эхэлж Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтөд гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, ХХААХҮЯ-ны сайдын томилгоо, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцлээ.

Гэвч УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан 40 гаруй гишүүний бойкот үргэлжилж буйтай холбоотойгоор зарим сайд, гишүүд чуулганд суусангүй. Мөн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцрохыг шаардаж чуулганы танхимд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Улмаар чуулганд ирсэн гишүүдийн ирц хүрсэн учир УИХ-ыг хэвийн үргэлжлүүлэх санал гарган Захиргааны хэргийн тухай хуулийн өөрчлөлтөд гаргасан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж баталлаа.

Сануулахад, энэхүү хуульд Засгийн газрын шийдвэр, түүнийг биелүүлж буй аймаг нийслэл, дүүргийн Засаг дарга нарын аливаа шийдвэрийг захиргааны шүүхээр авч хэлэлцэхгүй гэсэн заалт оруулсан байсан юм.

Үүнийг цэц хэлэлцээд “захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон нь захиргааны хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулсан мөн Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн” гэж үзжээ.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон идэр есийн хүйтэн эхэлсэн байгаа энэ үед сар орчим эзэнгүй байгаа ХХААХҮЯ-ны сайдын томилгооны асуудал эрх баригч намын хагарлаас үүдэн дахин хойшиллоо.