Энэ төрлийн гэмт хэрэг он гарсаар есөн сарын байдлаар 3924 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1995 гэмт хэргээр буюу хоёр дахин өсчээ.

Үүнээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа хэргийн:

  • 450 хэрэг буюу нийт хэргийн 11 хувь нь визтэй холбоотой,
  • 449 хэрэг буюу 11.4 хувь нь гар утастай холбоотой,
  • 336 хэрэг буюу 8.6 хувь нь автомашинтай холбоотой,
  • 278 хэрэг буюу 7.1 хувь нь цахим сошиал ашиглаж,
  • 75 буюу 1.9 хувь нь ажил, сургууль, цэцэрлэгт оруулж өгнө гэж,
  • 49 буюу 1.2 хувь нь хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ашиглаж,
  • 17 буюу 0.4 хувь нь тендер авч өгнө гэж тус тус залилсан байна.

Ялангуяа сүүлийн үед виз гаргаж өгнө, виз мэдүүлэх, хөнгөлөлттэй зээл авахад зуучилна гэх зэргээр мөн пирамид тогтолцооны луйврын арга ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тухайлбал: Пирамид тогтолцооны аргаар мөнгө босгож залилсан гэмт хэрэгт 14.000 орчим иргэн 26 тэрбум төгрөгөөр, визтэй холбоотой гэмт хэрэгт 805 иргэн 300 орчим сая төгрөгөөр хохирчээ.

Дээрх гэмт хэрэг ихсэх болсон шалтгаан нь иргэдийн эрх зүйн хийгээд мэдлэг мэдээлэл дутмаг байдал, амар аргаар мөнгө олох, аливаа ажлыг хялбараар бүтээх гэсэн сэтгэлгээтэй холбоотой гэдгийг ч албаныхан хэлж байна.

Иймд богино хугацаанд өндөр ашиг олох, шалтгаангүйгээр хамтран ажиллах санал тавих зэрэг тохиолдолд үйл ажиллагаа явуулах хүчинтэй зөвшөөрөл байгаа эсэхийг лавлах, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээс зөвлөгөө авах, холбогдох хууль эрх зүйн актыг судалж шийдвэр гаргахыг санууллаа.

Мөн цахим орчинд виз гаргаж өгнө, визийн зээл олгоно гэх мэт заруудад итгэхгүй байж тийм төрлийн зарыг цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг анхаарууллаа.