Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод энэ сарын 6-18 өдрүүдэд Залуучуудын III олимпийн наадам болж байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 улсын 4000 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Манай улсаас чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин оролцож байна.

Олимпийн наадмын нээлт энэ сарын долоонд Буэнос-Айрес хотын төв талбайд болжээ. Нээлтийг цэнгэлдэх хүрээлэнд бус анх удаа задгай талбайд хийсэн байна.

Нээлтэд 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцож буй Б.Алтангэрэл Монголын төрийн далбааг мандуулан жагсжээ.

Ийнхүү тэмцээний эхний өдрийн жүдогийн эрэгтэйчүүдийн 55 кг жинд зодоглосон Г.Тэмүүжин эхний тойрогт хийлж, Колумб, Украины бөхчүүдийг цэвэр ялж, аваргын төлөө Беларусийн жүдоч Артём Коласовт ялагдан мөнгөн медаль хүртжээ.

Мөн хоёр дахь өдөр жүдогийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд зодоглосон Л.Сосорбарам Куба, Мадагаскар, Узбекистаны бөхчүүдийг ялж, алтан медалийн төлөө Оросын И.Хубуловад ялагдан мөнгөн медаль авсан байна.

Өнөөдөр 22:00 цагаас 3х3 сагсан бөмбөгийн тамирчид Орос болон Аргентиний багтай тоглох юм.