Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцалж, хэвээр үлдээх эсэхийг Даваа гарагийн 11:00 цагт НИТХ-аар хэлэлцэхээр боллоо. 

НИТХ-ын энэ сарын хоёрны хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийг 2020 оноос тав дахин нэмэгдүүлэх саналыг баталсан юм. Гэвч уг шийдвэрийг зарим иргэд эсэргүүцэж, авто машинтай жагсаалыг хийсэн байдаг. Улмаар ерөнхий сайд У.Хүрэлсүх авто зам ашигласны төлбөрийг хэвээр үлдээхийг Хотын даргад даалгасан юм. 

Хотын даргын зүгээс авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж, 60 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлснээр авто зам болон нийтийн тээврийг шинэчлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна. 

НИТХ-аас авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээр жолооч нар машиныхаа моторын багтаамжаас шалтгаалан 100-350 мянган төгрөгийн татвар төлөхөөр болсон юм. Авто зам ашигласны төлбөрийг 2015 оноос авч эхэлсэн байна.