Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж Зам тээвэр хөгжлийн яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон бусад газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах мэдэгдлийг хийсэн юм.

У.Хүрэлсүх: Монгол улсынхаа нийт ард иргэдийн энэ оройн амар амгаланг айлтгая. Ерөнхий сайдын зүгээс ард иргэддээ хандаж хоёр зүйл дээр мэдэгдэл хийх нь зүйтэй гэж үзлээ. 2018 оны 8 дугаар сарын 9ний орой 21 цаг 45 минут орчимд Зам тээвэр хөгжлийн яамны гадаа тус яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга М, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г болон холбогдох албаны хүмүүс архи уусны улмаас хоорондоо муудалцаж, Г-ийн амь насанд халдсан ноцтой хэрэг гарсныг ард иргэд мэдэж байгаа. Талийгаачийн ард гэр, ах дүү хамаатан саданд Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэл илэрхийлж байна.

Мөн Дорноговь аймгийн Айраг өртөөний 300 метр орчим  газар үерт автаж, төмөр замын суурь бүтэц эвдэрсний улмаас Сайншандаас Улаанбаатарын чиглэлд явсан нэг зүтгүүр, тээшний хоёр, зорчигчийн  гурван вагон замаас гарч, осол гарсныг та бүхэндээ хэлмээр байна. Уг вагонд нийтдээ 328 зорчигч байсан. Вагонд явсан хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.  Ослын үеэр 88 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, хоёр хүний биеийн байдал хүнд байгаа мэдээлэл авсан. Төмөр замыг сэргээн засварлах, босгох ажлыг холбогдох албаныхан хийж байна. ОХУ-ын сэргээх засварлах техникийн тусламж ирж байна. Үерийн улмаас эвдэрсэн төмөр замыг засч, хуучин хэвэнд нь оруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна.

Бидэнд ийм хүнд, эмгэнэлтэй явдал тохиолдож байгаад чин сэтгэлээсээ харамсч, эрдэнэт хүний амь эрсэдсэн явдалд Монголын Засгийн газар, Ерөнхий сайдын нэрийн өмнөөс Монголын нийт ард түмнээс уучлалт хүсч, гүнээ харамсч байгаагаа илэрхийлж байна.

Монгол Улсын Засгийн газар байгуулагдсанаасаа хойш хоёр зорилтыг дэвшүүлэн тавьсан. Нэгд, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах зорилтыг дэвшүүлсэн. Хоёрт нь, Монгол Улсын эдийн засгийн уналтын зогсоож, сэргэлтийг хангах ажлыг зохион байгуулах чиглэлд ажлаа явуулсан. Хоёр дахь зорилтоо хангаж байна. Улсын маань эдийн засаг өсөж, сэргэж байна. Бидэнд ололт, амжилт байна. Бидэнд бас дутагдал гарлаа. Энэ дутагдал бол эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдал юм. Тэр тусмаа Монгол Улсын төрд ажиллаж байгаа төрийн албан хаагч нар, тэр тусмаа яамны удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс архидан согтуурч, биенийхээ аминд хүрсэн нь үнэхээр харамсалтай зүйл болж байна. Энэ бүхний төлөө дахин уучлалт хүсч байна.

Сахилга хариуцлага, дэг журмыг төрийн албаны шат шатанд хэрэгжүүлэн ажиллах ёстойг энэ үйл явдал тодорхой харууллаа. Цаашид төрийн албаны шат шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж ажиллах ёстойг дахин мэдэрлээ.  

Тиймээс Зам тээвэр хөгжлийн яамыг удирдаж байгаа сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар болон тус холбогдох газрын дарга нарыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Монгол Улсын Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон энэ яамыг удирдаж байгаа газрын дарга нарт ёс зүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас өнөөдөр чөлөөлж байна.

Энэ гурван хүн ажлын алдаа дутагдлаа ухамсарлан ойлгож, хариуцлага үүрч, ёсзүйн алдаа дутагдал гарсныг хүлээн зөвшөөрч өргөдлөө өгсөн гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

Сайд УИХ-аар томилогддог учир парламентаар энэ асуудлыг эцэслэн шийдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин Зам тээвэр хөгжлийн сайдын ажлыг түр орлон гүйцэтгэх болно.

Монголын төр шударга байх ёстой. Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах ёстой. Ингэж байж амжилтад хүрнэ. Ард иргэд маань үүнийг хүсч хүлээж, Монголын төрөөс шаардаж байгаа. Энэ шаардлагад нийцүүлж, тэгж ажиллах ёстой гэж Ерөнхий сайдын хувьд үзэж ийм шийдвэр гаргаж байгаагаа нийт ард иргэддээ мэдэгдэж байна.

Цаашдаа бид ажлаа сайжруулж, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, төрийн албыг төийн алба шиг хууль дүрэм хэрэгждэг, хариуцлага хүлээдэг, хүлээлгэдэг ийм төрийн албыг төлөвшүүлэх ёстой гэж бид үзэж байна гэлээ.