ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнээ хөнөөсөн, төмөр зам осолдсон зэрэг энэ сард гарсан хэрэгтэй холбоотойгоор удирдлагуудад хариуцлага хүлээлгэж, ёс зүй, сахилга батыг сайжруулахыг Засгийн газраас холбогдох газруудад үүрэг болгосон юм.

Харин Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга нар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг энэ сарын 12-нд шийдвэрлэж дэд сайд Б.Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус яамны сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул түүнийг ажлаас нь албан ёсоор чөлөөлөөгүй гэдгийг Засгийн газраас мэдэгдлээ.

Сайд Ж.Бат-Эрдэнийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Үндсэн хуулийн дагуу “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д мэдүүлнэ” Засгийн газрын тухай хуулийн дагуу “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа УИХ-д мэдүүлнэ“ гэж шийдвэрлэнэ гэлээ.

Энэ хүрээнд энэ сарын 14-нд Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчөөс хариу ирүүлсэн даруйд уг асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Энэхүү асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд ЗТХЯ-ны сайдын үүргийг түр хугацаанд Шадар сайдад хариуцуулсан ба түүнийг чөлөөлөх эсэх талаар албан ёсны шийдвэр гараагүй байгааг мэдэгдлээ.

Сануулахад, ЗТХЯ-ны дэд сайдаар Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтар, төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэнийг тус тус томилоод байгаа юм.