Засгийн газрын ээлжит хуралдаанд ЗТХЯ-ны сайд Б.Энх-Амгалан Автозамын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг танилцуулсан байна. 

Журмын зорилго нь автозамын бэлэн байдал, аюул осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, гэнэтийн үерийн улмаас эвдэрсэн замыг цаг алдалгүй засах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэжээ.

Мөн автозамын засвар, шинэчлэлтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаатай болгох, Автозамын санд төвлөрүүлэх хөрөнгийг захиран зарцуулж хянахтай зэрэг харилцааг зохицуулахаар тусгажээ.

Манай улс олон улсын болон улсын чанартай автозам ашигласны төлбөрийг 19 цэгээр хураадаг байна. Үүнээс өнгөрсөн онд 7.6 тэрбум төгрөгийн хураамж авсан байна. Харин автозам засахад жилд 95.8 тэрбум төгрөг шаардлагатай болдог гэдгийг салбарын сайд Б.Энх-Амгалан хэллээ.

Иймд Автозамын санд одоо төвлөрч буй нийт мөнгөний хэмжээ автозамыг засаж, сэлбэхэд хангалттай хүрэлцдэггүй гэнэ. Тухайлбал, зам засварт жил бүр улсын төсөвт 20-30 тэрбум төгрөг төсөвлөдөг байна. 

Энэ нь шаардлагатай зам засварын ажлын 31.6 хувийг гүйцэтгэх хэмжээний мөнгө бөгөөд үлдсэн хувийг олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөр шийдвэрлэсээр иржээ. Иймд Автозамын санд төвлөрүүлэх хөрөнгийг нэмэх шаардлага байгааг онцолсон юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн зун үерийн улмаас 13 аймагт нийт 116 км урт авто зам, замын байгууламж эвдэж сүйдсэн ба үүнийг сэргээн засахад 1.3 тэрбум гаруй төгрөгийг зарцуулжээ.