Түгжрэлийг бууруулах үүднээс хэрэгжүүлэхээр төвлөсөн замыг бүсчлэлд хуваах ажлын бэлтгэл хангагдаж, иргэдээс санал авч байна.

Энэхүү асуудалд иргэдээс наймдугаар сарын 15 хүртэл санал асуулга авах юм. Энэ хугацаанд иргэд уг шийдвэрийг дэмжсэн дэмжээгүй эсэхээ Нийслэлийн мэдээ, нийслэлийн Авто замын хөгжлийн газар гэсэн фэйсбүүк, твиттер хаягаар орж өгөх боломжтой.

Мөн уг санал асуулгад орон нутгийн машиныг А, В бүсэд өглөөний 7:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулахгүй байх санал гарган иргэдээс санал авч байгаа гэнэ.

Ийнхүү иргэдээс авсан саналд үндэслэн Хотын дарга шийдвэр гаргасны дараа хэрэгжүүлэх эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм байна. 

Уг шийдвэр хэрэгжиж эхэлбэл А, В бүсэд тодорхой журам заалтууд хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, ямар нэг зөрчил торгуульгүй, үзлэгт бүрэн хамрагдсан машин бүсэд саадгүй зорчих юм. Харин торгуулиа төлөөгүй зөрчилтэй бол дээрх бүсэд нэвтрэх боломжгүй.

Үүнд эхний ээлжид цагдаа нар хянах, зөрчилгүй машинд наалт олгох замаар хяналт тавих бол цаашид замын сүлжээг дугаар таньдаг камертай болох, мөн тээврийн хэрэгсэлд чип наах маягаар мэдрэгчээр бүртгэдэг болгохоор төлөвлөжээ.

Мөн В бүсэд зогсоолын судалгаа хийхэд одоо байгаа 7000 мянган машины зогсоолыг 15 мянга болгох боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Эдгээр бүх зогсоолыг төлбөртэй болгон хувийн хэвшилтэй гэрээ байгуулахаар сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлсэн байна. 

Төлбөрийн хувьд цагийн 1000 төгрөг хэвээр байх ба цагийн хязгаар тогтоохоор болсон байна. Учир нь нийт жолооч нарын 25 хувь нь 15-20 минут сул зогсоол хайж явдаг нь зохиомол түгжрэл үүсгэдэг тул дээрх шийдвэрийг гаргажээ. 

Мөн замын унаа, нэг чиглэлд явж байгаа хүмүүс нэгэндээ дайгдах зохицуулалт бүхий аппликейшнийг гаргаж эхэлсэн байна. Мөн иргэд С бүс дэх төлбөргүй зогсоолд машинаа байрлуулаад А, В бүс рүү нийтийн тээврээр нэвтрэх боломжтой гэж албаныхан хэллээ.

Улаанбаатарын авто замын сүлжээ анх 10 мянга гаруй машин явахаар төлөвлөгдсөн ч өнгөрсөн оны байдлаар нийслэлд 402 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 300-350 мянга нь тогтмол хөдөлгөөнд оролцож байгаа гэнэ. 

Иймд дахин нийслэлийн авто замын сүлжээг нэмэгдүүлбэл явган хүний зам, ногоон байгууламж зэргийг хасах зэргээр орчны тэнцвэртэй байдал алдагдах тул хамгийн оновчтой шийдэл нь бүсчлэлд хуваах гэж үзжээ.