Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадал, ачааллыг бууруулах үүднээс нийслэлийн гүүрэн замуудыг шинэчлэн засварлаж байгаа юм.

Тухайлбал, Замын цагдаагийн гүүрэн гарцыг шинээр барих ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор зургадугаар сараас эхлэн Олимпын гудамжны хөдөлгөөнийг хаасан юм. Харин өнгөрсөн 12-р сард барилгын ажил завсарласантай холбоотойгоор түр нээсэн байна.

Тэгвэл барилгын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан ирэх сарын нэгэнд дахин хаахаар боллоо. Одоогоор гүүрийн тулгуур багануудыг босгох ажил хийгдэх бөгөөд баяр наадмаас өмнө үндсэн гүүрээ ашиглалтад оруулж, есдүгээр сар гэхэд гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.

Мөн бусад гүүрийн ажлыг мөн энэ онд багтаан дуусгах бөгөөд БЗД-ийн Туулын гүүрийг Налайхын замтай холбох, Сонсголонгийн гүүрийг шинэчлэх, Яармагийн гүүрний тоноглолын ажил болон нэмэлт хучилтын ажлыг хийх гэнэ.

Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр Ростов ХХК ажиллаж байна.