Хотын дарга С.Амарсайхан Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын ажлын явцтай өчигдөр 23:00 цаг орчимд танилцлаа.

Энэ үеэр тус гүүрийн ажлын хойд хэсэгт буюу Хүүхдийн паркийн зүүн талын хэсэгт бетон цутгалт хийгдэж байсан бол урд хэсэг буюу Хоме плаза талаас шөнийн ээлж гарч ажиллаагүй, зам барилгын ажил зогсонги байдалтай байжээ.

Иймд Хотын дарга гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж гүүрийн ажлыг өдөр, шөнийн хоёр ээлжээр ажиллаж, төлөвлөсөн хугацаандаа амжиж нээхийг үүрэг болголоо. Мөн хүн хүчээ нэмж, зохион байгуулалт, хяналтаа сайжруулж ажиллахыг даалгасан юм.

Харин гүйцэтгэгч компанийн зүгээс төлөвлөгөөний дагуу буюу ирэх сарын 15-нд багтааж Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөний эхний хэсгийг нээнэ гэдгээ мэдэгдсэн байна. Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр Ростов ХХК ажиллаж байгаа юм.

Энэ жил нийслэлийн хэмжээнд авто зам, гүүрэн байгууламжийн өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм. Тухайлбал, Яармагийн гүүрийг Хятадын засгийн газрын 30 сая долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчилсэн юм.

Мөн сүүлийн 30 жил засварлаагүй Сонсголонгийн гүүрийг шинэчилж, шинэ гүүрийн хөдөлгөөнийг нээгээд байгаа бол хуучин гүүрийг засварлан ихэр сард ашиглалтад оруулна. Үүнээс гадна Туул гол дээгүүрх гурван гүүрийг шинэчилж байгаа юм.