Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил эхэлсэнтэй холбоотойгоор энэ сарын нэгнээс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүллээ. 

Түр горимд хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах юм. Харин суудлын болон УАЗ машинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ. Ачаа тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орохгүй юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Тодруулбал, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдах юм. 

Мөн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарц болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдана. Боомтын барилга угсралтын ажлыг 2020 оны 10 сард дуусахаар төлөвлөөд байна.

Замын-Үүд боомтыг шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо дөрөв дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо гурав дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин нэмэгдэх гэнэ. Ингэснээр манай улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзжээ. 

Сонирхуулбал, 1921 онд Ардын засгийн газар Гадаад дотоод худалдаанаас гааль түрээс хураах дүрмийг баталж, 1923 онд дүрэмд нэмэлт оруулан боомтын гаалийн хороо, салбарыг байгуулахаар заасан байдаг. Энэ дагуу Замын-Үүд, Шаваг сүйхт, Сулинхээр, Зос жаргалантын гаалийг нээсэн байна.