Замын-Үүдэд гарсан осолтой холбогдуулан тухайн зорчигч тээврийн компани, Авто тээврийн үндэсний төв болон Хаан даатгал ХХК хуралдаж, осолд өртсөн зорчигчдод нөхөн төлбөр олгохоор боллоо. Гэхдээ хэчнээн төгрөгийн нөхөн олговор олгох нь тодорхойгүй байна.

Автобусанд явсан 45 зорчигчийн 43 нь даатгалд хамрагдсан, хоёр хүн даатгалгүй зорчиж явсан бөгөөд Хаан Даатгал компани нь нэгдүгээр сарын есөнд 27 хохирогч, 10-нд найман хохирогчтой уулзжээ. Мөн Хаан даатгал ХХК-тай холбогдож чадаагүй бусад зорчигчдыг 99102584 дугаарт холбогдохыг хүссэн байна.

Сануулахад, энэ сарын наймны өглөө 06:00 цагийн орчимд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчиж явсан 45 зорчигчтой автобус осолдож хоёр хүн нас барж, 43 хүн хүнд, хөнгөн гэмтсэн харамсалтай осол гарсан юм.

Дээрх зорчигчдын 37 нь есны өдөр галт тэргээр, биеийн байдал хүнд байгаа хоёр хүнийг онгоцоор авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, эмчилгээнд хамруулж байна.