Засгийн газраас хэрэгжүүлж буй Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж эхлээд байна.

Уг бүтээн байгуулалтыг Хятадын засгийн газрын 75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа юм. Учир нь Замын-Үүд боомт нь нийт зорчигчийн 40 хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувь нэвтэрдэг импортын хамгийн том боомт  боловч сүүлийн жилүүдэд ачааллаа дийлэхгүй байна. 

Төслийн хүрээнд зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдана. Түүнчлэн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарц болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилуулах юм. 

Замын-Үүд боомтын барилга угсралтын ажлыг 2020 оны 10 сард дуусгахаар төлөвлөсөн ба ингэснээр нийт талбай найм дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо дөрөв дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Мөн том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо гурав дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин нэмэгдсэнээр улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэх гэнэ. 

Замын-Үүдийн авто замын боомт нь 1926 онд Байцаан өнгөрүүлэх салбар нэртэйгээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Эрүүгийн бууц гэх газар байгуулагдсан байна. Ийнхүү Хятадтай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу 1992 оноос олон улсын авто замын боомт болжээ. Харин төмөр замын боомт нь 1956 онд Замын-Үүд өртөөнд байгуулагдсан байна.