УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 11-15 хооронд Швейцарын холбооны улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Тэрээр айлчлалынхаа хүрээнд Швейцарын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитэй албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцах юм.  

Мөн Монгол-Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцох гэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатартай хамт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Л.Болд, Б.Пүрэвдорж, Т.Аюурсайхан, О.Баасанхүү нарын албаны хүмүүс явж байна.

Г.Занданшатар нь хоёрдугаар сарын нэгэнд М.Энхболдын оронд УИХ-ын даргаар сонгогдсон ба анхны албан ёсны айлчлалаа ийнхүү Швейцараас эхлүүллээ.

Сонирхуулбал, манай улс Швейцартай 1964 онд дипломат харилцаа тогтоосон ба тус улсаас өтгөрүүлсэн, хуурай сүү, цөцгий, бяслаг, аарц, ширээ, шүүгээ, эм, машины тоног төхөөрөмж зэрэг 5,846.7 мянган долларын бүтээгдэхүүн импортолдог байна. Харин манай улс самнасан ноолуур, ноолууран эдлэл, хагас боловсруулсан алт, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг 230,368.5 мянган долларын бүтээгдэхүүн экспортолдог юм.