Шинэ Монгол Харүмафүжи сургууль Япон улсын зүрх хамгаалах төслийн багийнхантай хамтран эмнэлгүүдэд тэргэнцэр, түргэний машин гардуулан өглөө.

Тухайлбал, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт зориулалтын түргэний машин, Нэгдүгээр төрөх эмнэлэг, ХУД-ийн эмнэлэг, ЭХЭМҮТ зэрэг эмнэлгүүдэд тус бүр таван тэргэнцэр өгсөн байна.

Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх төв нь зориулалтын түргэний машингүй өмнө нь фургон автомашинаар түргэний үйлчилгээ үзүүлдэг байжээ. Ийнхүү зүрх хамгаалах төсөл болон Шинэ Монгол Харүмафүжи сургууль хамтран 18 дахь түргэний машинаа эмнэлгүүдэд гардуулан өгч байгаа юм.

Японы Зүрх хамгаалах төсөл ТББ нь 2001 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношилгоонд бүрэн хамруулж, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж, амь насыг нь аварсан байна.

Мөн Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлж, Шинэ Монгол Харүмафүжи сургуулийг Улаанбаатарт үүсгэн байгуулж, энэ хичээлийн жилээс албан ёсоор нээлтээ хийсэн юм.