НИТХ-ын ээлжит хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хотын даргаас өргөн барьсан төвлөрөл ихтэй хороодыг хувааж, шинээр 17 хороо байгуулах саналыг төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан байна.

Өнгөрсөн сарын 22-нд НИТХ хуралдаанаараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, хүн ам, газар нутгийг харгалзан гурван дүүргийн хороодыг хувааж шинээр 17 хороо байгуулахаар болсон юм.

Энэ нь Засаг, захиргааны анхан шатны нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилснөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бэрхшээлийг арилгана гэж үзэж байна. Үүний дагуу холбогдох албаныхан хэлэлцэж, энэ оны төсөвт хороодын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд шаардлагатай 6.1 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотыг есөн дүүргийн 152 хороонд хуваадаг бөгөөд СХД-ийн 11, ХУД-ийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр 17 хороо байгуулах юм.